Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Анфилдад ирэх шилжилтэнд нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол шигшээ багийнх нь анд Ливэрпүүлийн “бяцхан шидтэн” Филиппэ Коутиньо хэмээн Робэрто Фирмино өгүүлж байна. Тэрээр цааш нь Анфилдын ногоон зүлгэн дээр мянга мянган Копуудын өмнө анхны тоглолтоо хийхийг тэсэн ядан хүлээж байна хэмээн ярьжээ.

Тэрээр Мэлвүүд дэх бэлтгэлийн баазад анхныхаа бэлтгэлд хамрагдсаныхаа дараа ширээний ард суун Ливэрпүүлийн үндсэн сайтын сэтгүүлчидтэй ярилцжээ.

Ливэрпүүл хөлбөмбөгийн клубт тавтай морил, Робэрто. Яагаад Ливэрпүүл гэж? Ливэрпүүлд ирэхээр сонгоход тань гол нөлөөлсөн зүйл юу байв?
Хөлбөмбөгт шунан дурлагчийн хувиар Прэмьер Лигийг би маш эртнээс сонирхож үзсээр ирсэн. Ливэрпүүлийг сонгосон шалтгаан нь тэдний гайхалтай түүх болон баг өөрөө байсан юм. Мөн Коутиньо надад клубын талаар олон сайхан зүйлс ярьж өгсөн л дөө. Энд тоглож буй залуустаа би аз жаргалтай олон мөчүүдийг авчирч чадна гэдэгтээ итгэж байна.
Ливэрпүүлийн талаар, Ливэрпүүлийн түүхийн талаар та хэр их мэдэх вэ? Авсан цом шагналууд болон фэнүүдийн талаар?
Үнэндээ би хотын талаар болон хотын иргэд, фэнүүдийн талаар тийм ч сайн мэдлэгтэй биш байна. Гэхдээ Ливэрпүүлийн талаар мэдэх зүйл бий. Би тэдний олон тоглолтуудыг үзэж байсны дотор 3:0–ээр хожигдож яваад эргэн ирэлт хийсэн алдарт Аваргуудын Лигийн финал байна. Эндээс л би Ливэрпүүлд маш их хайртай болсон.
Ливэрпүүл таныг авахаар санал тавьсныг анх мэдээд ямар сэтгэгдэл төрж байв?
Ямар ч клуб өөрийг чинь сонирхож байгааг мэдэх сайхан байдаг. Би өөрийн агенттайгаа зөвлөсний эцэст хүлээж авахаар шийдээд одоо энд ирээд байна.
Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид таны талаар болон таны карьерын талаар тийм ч их мэдлэгтэй биш байх. Та ямар төрлийн тоглогч вэ? Ямархуу хэв маягаар тоглох дуртай вэ?
Би маш их шаргуу ажиллах дуртай, талбай дээр багийн нөхдөд маань хэнд нь туслалцаа хэрэгтэй байна вэ? гэдгийг үргэлж эрж хайж явдаг тоглогч. Багийнхаа тактикт хэрхэн зохицохоо мэддэг, бусадтайгаа сайн холбогдож тоглодог. Та бүхэн удахгүй миний тоглолтыг харах байх аа.
Дэлхийн шилдэг багуудын нэгний өмсгөлийг өмсөхөд ямар санагдаж байна?
Ер бусын сэтгэгдэл төрж байна. Ливэрпүүл бол миний хүчин зүтгэж буй хамгийн том клуб болж байна. Би өөрийнхөө юу хийж чадахаа харуулах маш том боломж гэж бодож байна.
Улаан өмсгөл дахин өмсөхөд хэр байна даа? (Робэрто багадаа улаан өмсгөлтэй, Clube de Regatas Brasil багт тоглож байсан)
Онцгой мэдрэмж төрж байна. Улаан өнгө бол эрч хүч, хүсэл тэмүүллийг илтгэдэг гэдгийг би тэндээс ойлгож авсан. Одоо би фэнүүддээ энэ хүсэл тэмүүллийг харуулмаар байна.
Багийнхантай нэгдэж, улирлын өмнөх сүүлийн долоо хоногийн бэлтгэлдээ орох болж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?
Шинэ багийн маань тоглогчид намайг маш халуун дулаанаар угтаж авсан. Аялан тоглолтоор явсан залуусыг ч би бас яг тийм байдлаар угтан авна гэж бодож байгаа. Би тэдэнтэй хялбар ойлголцож, сайн харилцаатай байж, талбай дээр ч сайн хамтрагчид байж чадна гэсэн итгэлтэй байна.
Английн хөлбөмбөгт зохицож чадна гэж бодож байна уу?
Ямар ч эргэлзээгүй чадна. Герман хөлбөмбөгт би бараг 5 жил тоглосон. Англи хөлбөмбөг арай ширүүн, хурдтай байх ч ерөнхийдөө төстэй. Тиймээс ямар ч асуудал үүсэхгүй гэж бодож байна.
Алдарт Копуудын талаар өмнө нь сонсч байв уу? Тэдний өмнө тоглох талаараа хэрхэн төсөөлж байна?
Би тэдний талбай руу баруун хөлөөрөө эхэлж гишгэж ороод багийн төлөө болон багийн хамтрагчдынхаа төлөө бүх хүч чадлаа дайчилж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчид маань дуугаа дуулахыг сонсч, шар үсээ босохыг мэдрэхийг маш их хүсч байна.
Энэ клубтэй нэгдэхэд чинь Филиппэ Коутиньогийн нөлөө хэр орсон бэ?
Тэр надад маш их тусалж, миний шийдвэр гарахад зүйрлэшгүй их нөлөө үзүүлсэн. Би эндэхийн талаар мэдлэг багатай байсан учраас тэр надад маш олон зөвлөгөө өгч, багийн талаар олон сайхан зүйлс ярьж өгсөн. Тэр өөрөө ч гайхалтай залуу учраас бидний сайхан нөхөрлөл Ливэрпүүлд ч гайхалтай байна гэж найдаж байна.
Филиппэ та хоёр саяхан Копа Амэрикад шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд хамт тоглосон. Одоо Ливэрпүүлд Коутиньотой мөр зэрэгцэн тоглох боллоо.
Би дөнгөж саяхан хэлсэн шиг Филиппэ бол гайхалтай залуу. Тэр Сэлэкаод хамт байхдаа хувь хүнийхээ үүднээс ямар болохоо хангалттай харуулсан. Бид хоёр Ливэрпүүлийн төлөө тулааны талбарт гарч буй хоёр хөлөг баатар мэтээр төсөөлж байна. Бид хоёр хамтдаа олон ялалтыг байгуулж чадах байх.
Ливэрпүүл хоттой танилцах боломж гарсан уу? Хотын талаар болоод хотын оршин суугчдын талаарх анхны сэтгэгдэл ямар байна вэ?
Ливэрпүүл, миний өмнө амьдарч байсан Хоффэнхаймаас илүү том хот юм. Энэ миний хувийн амьдралд ч туршлага болох байх. Үнэхээр шал ондоо ертөнц юм. Би амархан дасах байх гэж найдаж байна.
Телевизээр Ливэрпүүлийн тоглолтуудаас үзэж байв уу?
Өмнө нь хэлсэнчлэн би Аваргуудын Лигийн гайхалтай финалыг үзсэн. Мөн Ливэрпүүл намайг сонирхож эхэлснийг мэдснээс хойш Ливэрпүүлийн оролцсон Прэмьер Лигийн тоглолтуудыг үзсэн.
Та залуу бүрэлдэхүүнтэй Ливэрпүүлийн гишүүн боллоо. Энэ бүрэлдэхүүн ирээдүйд юунд хүрч чадах вэ? Та энэ бүрэлдэхүүнд юу нэмж, карьерынхаа шинэ сорилтыг юугаар баяжуулж чадна гэж бодож байна вэ?
Хэдий залуу бүрэлдэхүүн ч гэсэн Ливэрпүүлийнхэн маш их туршлага бүхий чанартай бүрэлдэхүүнтэй. Тоглогч тус бүр өөрийн бүх ур чадвараа дайчлан тоглож чадвал ямар ч тоглолтонд ялалт байгуулах бүрэн боломжтой.
Филиппэ 2013 онд анх Ливэрпүүлд ирснийхээ дараа хэд хэдэн удаа Ливэрпүүлийн фэнүүд хэчнээн гайхалтай угтаж авсан талаар ярьж байсан. Хөгжөөн дэмжигчдээс тийм зүйл хүлээж авах нь таны хувьд хэр чухал вэ?
Энэ мэдээж маш чухал. Учир нь хөгжөөн дэмжигчид гэдэг бол бидний 12 дахь тоглогчид шүү дээ. Тэд үргэлж л багийн ар тал байж, талбайд бие биедээ туслах хүч чадал, урам зориг өгч байдаг.

 

Орчуулж, нийтэлсэн: Нисдэг Чэстмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх