Даруухан эхлэл ба оргил өөд тэмүүлсэн хүсэл

Аварга далдуу моднууд гүн цэнхэр ус руу бөхийж, наранд гялалзаж буй өндөр зочид буудлууд, далайн эргийн эргийн тансаг ресторанууд хавч, үнэтэй ликёр зарах тул Алагоас мужийн нийслэл Масейо яагаад Бразилийн Карибын тэнгис гэж нэрлэгддэгийг ойлгоход хялбар юм.
Гэсэн хэдий ч тус улсын зүүн хойд зүгийн хөгжөөгүй ихэнх хотуудын нэгэн адил энэхүү ил захидал дээр баймаар дүр зураг түүхийн зөвхөн нэг хэсэг буюу аялал жуулчлалаас хамааралтай метрополис хотын өнгөц төрхийг өгүүлдэг. Цаашаа хэдхэн блок (*Манайхаар хороо гэж хэлж болно) явахад өөр Масейо аажмаар харагдаж эхэлдэг; Бразилийн гэмт хэрэг хамгийн ихээр гардаг хотуудын жагсаалтад үргэлж ордог хот билээ.
Чухам энд л хог хаягдал, бохир усны зам, айлын хашаа байшин дундаас үргэлж инээмсэглэдэг бүрэг ичэмхий хүү гудамжнаас Selecao (* Бразилийн шигшээ баг) руу, Алагоасаас Анфилд хүртэл аялласан байдаг.
Роберто Фирмино Барбоза де Оливэйра нь 1991 оны 10-р сарын 2-нд бохирдсон нуур, ядуурлын гамшигт нэрвэгдэгсдийн дунд шахагдсан ядуу гэрхороолол (* Favela) болох Трапиче да Барра хотод төрсөн байна. Мөнхүү энэ л энгийн дорой оромжинд тэрээр, ойролцоох 20,000 хүний багтаамжтай Эстадио Рэй Пэлэ хөлбөмбөгийн стадионоос сонсдох чимээг чих тавин сонсож тэр зүгрүү өөрийн мэдэлгүй тэмүүлдэг байсан аж. Хөлбөмбөг түүний оюун ухаанаас хэзээ ч хол байгаагүй нь гайхах зүйл биш юм гэдэг нь тодорхой байгаа биз.
Трапич дахь тэр байшин саяхан шинэчлэгдэж, Hotdog зардаг дэлгүүр болсон ч Фирминогийн гэр бүлийн амьдраж байхад байсан арын хана нь хэвээр байх аж. Мөн хүн авируулахгүй гэж албаар хамгаалсан зэвэрсэн металл шонгууд нь хулгайчдыг одоо ч оруулахгүй гэдэг нь илт харагдана. ТМэдээж тэдгээрт бас хоёр дахь шалтгаан байсан - шийдэмгий залуу хүүг гэр дотор байлгах.

Фирминогийн бага насны найз Бруно Барбоза дос Сантос "Энд үргэлж хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг байсан, Робертогийн ээж түүнийг маш их хамгаалдаг байж билээ."
"Тэр хөл бөмбөгт ухаангүй дуртай байсан ч түүнийг хэр барагтай гадаа гаргадаггүй байсан тул бидэнтэй гудамжинд тоглохоор хана дээгүүрээ харайдаг байлаа. Нэг удаа тэр унаж, өвдгөндөө оёдол тавиулсан. Түүнд одоо ч сорви нь байгаа." хэмээн өгүүлэв.
Бусад найзууд нь Фирминогийн дээвэр рүү чулуу шидэж, түүнийг тоглохыг уруу татдаг байсан, бас анхны клуб Фламенгуиньо-н дасгалжуулагч од тоглогчоо зугтахад хялбар болгохын тулд хананд шат байрлуулж байсныг дурсан ярьцгаав. Мань эрийн хөлбөмбөгийн ур чадвар тэр үед л бүхэнд илт байсан нь өөрөөсөө 6 насаар ах хүүхдүүдтэй тоглоход, мань эр түвшин хол илүү гэдгээ үзүүлдэг байсан гэлцэх.
"Робертогийн ээж нь амьдраж буй хороололоосоо болж түүнийг дээрэмчин, тонуулчин болно гэж цэтгэлээ чилээдэг байсан ч тэр хэзээ ч ийм зүйлийн талаар бодож байгаагүй байхаа" гэж Трапиче хотод амьдардаг өөр нэг хуучин найз Дэдээ хэлэв.
"Тэр дуугүй, ичимхийдүү байж билээ - үргэлж л инээмсэглэн явна - гэхдээ тэр хөлбөмбөгт галзуу дуртай. Тэр хэрэв бөмбөггүй байх юм бол жүрж жимсийг газарт унагалгүй хоёр хөлөөрөө солбин өшиглөж дасгал хийдэг байлаа. Түүний мөрөөдөл бол мэргэжлийн хөлбөмбөгчин болох, гэхдээ бидний хаана амьдраж байгаагаас шалтгаалан, эдгээр зүйлд хүрэх нь маш хэцүү. Тийм ч учраас би түүний өмнөөс маш их баярлаж байтаа. Мань эр энэ бүх амжилтыг хүртэх эрхтэй."
Фирмино эсвэл түүний эцэг эх Мариана Сисэра, Хосе Кордейро нарыг таньдаг хэн нэгэнтэй ярих юм бол бараг ихэнхидээ адилхан хариуг хүмүүсээс сонсох болно. Нэг Португали үг байн байн хүмүүсийн амнаас гарах нь: "humilde". Даруухан. Даруухан хэрнээ зөв сэтгэлтэй хөдөлмөрч тэр гэр бүл энэ мэт зан чанарынхаа ачаар ядуурал гэмт хэргээс зайлан амьдралаа шинээр цогцлоож чадсан бөлгөө.

.
Хосе гудамжинд савласан ус хөгжмийн шоу, хөлбөмбөгийн тэмцээний гадаа зардаг байжээ. Энэ нь тэдний гэр бүлийн цорын ганц орлогын эх үүсвэр байснаас гадна Роберто хүмүүсээс мөнгийг нь авч хариулт мөнгө өгч аавдаа тус болон хамт ажилладаг байж. Аавд байгаа ганцхан бодол бол орлого олж гэр бүлээ тэжээх байсан бол, хүүд хамаагүй том мөрөөдөл байсан юм.
"Тэр үргэлж бусдыг боддог, сайн хүүхэд байсан" гэж Ливэрпүүлийн экс довтлогчтой холбоотой хэвээр байгаа Бруно гэж өгүүлэхээс гадна , тэд WhatsApp-аар хааяа мессеж солилцдог гэж хэллээ. "Саяхан дөө тэр миний эмээг цус харавхад нь тэргэнцэр авч өгч туслаж байсан.
"Түүний мөрөөдөл бол ээж, аав, эгчийгээ эндээс гарган өөр хамаагүй дээр газарлуу авч явах байсан."
__________________________________________________________________________
Фирминогийн бага нас өнгөрсөн гудамжны оройгоос баруун тийш эргэж, нэг минут алхвал шороо босч хог хаягдлаар бүрхэгдсэн тав таваараа болон тоглох зориулттай бетонон хөлбөмбөгийн талбайд хүрнэ. Энд Фирмино ур чадвараа дээшлүүлж, stepover дасгалыг байнга давтан, ойрын бөмбөг эзэмшилтээ сайжруулсан гэдэг.
"Тэр Роналдиньо Гаучо, Роналдо нарыг зурагтаар харж, тэдэн шиг болохыг хүсдэг байж дээ" гэж Дэдэү хэлэв. "Тэр Роналдиньогийн чадварын талаар байнга ярьдаг байв, гэхдээ түүнд ч бас чадвар байсан юм шүү. Тэр бусдаас хамаагүй дээр байснаас гадна мань эр үнэхээр гайхалтай чадварлаг байсан. Тэр маш сайн бөмбөг туудаг (* Dribble) тиймээс ч заримдаа бид нарыг бөгсөөрөө газар унатал хуурч бөмбөг туудаг байж дээ"
Фирминогийн долоон настайдаа анх сурдаг байсан Эскола Эстадуал профессор Тарсисио де Жесус сургуулийн үүдэнд нэгэн жижиг талбай байх бөлгөө. Багшийн хаалган дээрх самбар дээр: "Шаардлагатай зүйлээ хийж эхэл, дараа нь боломжтой зүйлийг хий; гэнэт та боломжгүй зүйл хийж эхлэх болно." Энэхүү үгсийг Ари Сантьяго инээмсэглэн уншина.
Захиргааны туслах ажилтан байсан тэрээр сургуулийнхаа хөлбөмбөгийн багийг үүсгэн байгуулсан гавьяатай, шавь нараа том мөрөөдөлтэй байхыг үргэлж уриалдаг ч тэдэн дундаас нэг шавь нь Бразилийн шигшээ багт тоглоно гэж огт төсөөлөөгүй байсан гэнэ.

"Намайг багаа бүрдүүлэхэд нөлөөлсөн зүйл бол нэг жил амралтаараа ирэхэд гурван сурагч амиа алдсаныг олж мэдсэн" гэж тэр дурсана. "Тэр үед энд үнэхээр хүчирхийлэл, гэмт хэрэг гаарч байлаа. Хөвгүүдийн үхэл сэтгэлийг минь маш ихээр өвтгөсөж билээ .Би "За тэгэхээр, бид эдгээр хүүхдүүдэд хүчирхийллээс өөр зүйлийг харуулах хэрэгтэй, учир нь бид үүнийг одоо л хийхгүй бол тэд эцэстээ хүчирхийлэлд оролцохоос өөр замгүй болно" гэж бодсон юм.
Сургуулийн баг бий болсоноор багаас хасагдах вий гэж санаа зовсон сурагчдын зан төлөвийг сайжруулаад зогсохгүй Сантьягод сургуулийн шилдэг тоглогчоор тодорсон 14 настай авъяаслаг хүүхэдтэй ярилцах үндэслэл болжээ. Фирмино бүс нутгийн хүчирхэг клуб Clube de Regatas Brasil (CRB)-д өсвөр насны ангилалд Клубтээ хэдийн гарын үсэг зурсан тул өөр багт тоглох боломжгүй байв. Гэсэн хэдий ч түүнд бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолтод оролцохыг зөвшөөрсөн юм.
Сантьяго "Тэр их чимээгүй, маш тайван, гэхдээ үргэлж бөмбөг асуудаг хүүхэд байсан" гэж хэлэв. "Бөмбөлгүүдийг зөвхөн тодорхой цагт хүүхдүүдэд өгдөг байсныг санаж байна. Заримдаа тэр над дээр ирээд гараараа бөмбөг дүрслэн зүгээр л инээмсэглэнэ. Хааяадаа би өгнө, заримдаа өгөхгүй. Тэр инээмсэглэлд үгүй гэж хэлэх ч бэрх байж дээ."
Сургууль орон нутгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд CRB-тэй таарах үед Фирмино багшдаа түүний эсрэг хийх гэж буй бүх гоолыг гэрлүүгээ авч явахын тулд "цүнх авчир" гэж зөвлөжээ. Мэдээж тэр амлалтандаа хүрч, баг нь 8:0-ээр хожижээ. "Маргааш нь түүнийг ирэхэд би ажлын өрөөндөө байсан" гэж Сантьяго дурсав. "Тэр хажуугаар инээсэн ч юу ч хэлэлгүй өнгөрөв. Хэсэг хугацааны дараа мань эр буцаж ирэн нүүр дүүрэн инээмсэглээд явлаа. Энэ бол түүний инээмсэглэлээрээ өөрийгөө илэрхийлэх арга байсан юм."

Тэр жилийн эхээр Фирмино CRB-н сонгон шалгаруулалтанд оролцоход ээж нь түүнийг дагалдан явсан бөгөөд тэдний хөршүүд хүүгийнх нь хөлбөмбөгийн ур чадвар тэднийг Трапичаас нүүх гэр бүлийн тасалбар болно гэсэн итгэлтэй байцгаасан гэдэг. Клубын залуучуудын дасгалжуулагч Гильэрме Фариас тэрхүү хуучирсан хувцастай хүүгийн ур чадварыг хараад гэрээ байгуулах эсэхийг шийдэхэд хэдхэн минут зарцуулжээ.
Зочны өрөө нь цом, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга Пэпэ зэрэг хуучин тоглогчдын гарын үсэгтэй цамцаар дүүрэн Фариас "Миний анхаарлыг тэр даруй татсан зүйл бол түүний тоглолтын арга барил байсан" гэж хэлэв. "Роберто дуу муутай ч бөмбөг цохих арга нь онцгой байж билээ. Би түүнийг дауулан талбайд гарган тоглуулсан юм, гурав тоглосны дараа түүнийг зогсоож, "Бичиг баримтаа бэлдээрэй, чи бидний төлөө тоглох болно" гэж хэлсэн.
Мөнгө цаасны асуудал хэцүү байсан ч Фариас болон клубын шүдний эмч Марсэллус Портелла нарын тусламжтайгаар Фирмино хоёр жилийн турш Бразилийн зүүн хойд нутгаар аялж, өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнд Реал Сосьедад багийн ирээдүйн довтлогч Виллиан Хосетой нэг багт голдуу төвийн хагас хамгаалагчаар (* Deep lying midfielder) тоглодог байсан аж.. Нэгэн удаа тэрээр үндэсний том тэмцээнд оролцохоор Сан Пауло руу автобусаар 120 цагийн аялалд гарсан байдаг; хөлийнх нь тавхай хавдаж хөл нь бүхэлдээ шархалсан ч урам зориг нь хэзээ ч буураагүй байна. "Би олон авъяаслаг хөвгүүдийг бэлтгэн гаргасан" гэж Фариас хэлээд, "гэхдээ хэн нь ч Роберто шиг хичээл зүтгэл гаргаж байгаагүй юм шүү." хэмэээн үгээ дуусгав.

Дараа нь Фирминогийн зөвлөх, агент болсон Портэлла: "Роберто үргэлж эерэг, тууштай зан чанартай байсан. Би түүн шиг өөр тоглогчийг хэзээ ч харж байгаагүй. Би: "Нэг л өдөр та нар энэ хүүг Бразилийн багт харах болно." гэж хэлдэг байлаа ' Бүгд лэнэ эмчийг галзуу гэж бодож байсан нь дамжиггүй. Гэсэн ч мань эрийг одоо хар л даа. Би олон хүний амыг тагласан шүү."
Фирминогийн 16 насны төрсөн өдрийн дараахан Портэлла CRB-ийн залуучуудын дасгалжуулагч Тониньо Алмейдаг Бразилийн зүүн өмнөд хэсэгт карьераа дуусгаж буй Алагоас багийн хагас хамгаалагч Лучано 'Билу' Лопэстой холбож өгжээ. Алмейда өөрийнх нь эзэмшилд
буй үнэ цэнэтэй тоглогчынхоо , шилдэг хэсгүүдийг нь түүвэрлэн бэлдсэн DVD- түүнд илгээж. Билү Фирминогийн "Масейогийн муу талбарт ч гэсэн" ур чадвараа алдахгүй тоглож буйг үзээд гүн сэтэгдэлтэй үлдсэн гэдэг. Тийм учраас тэрээр тухайн үеийн дээд лигийн аварга Сан Пауло болон өөрийн хуучин баг Фигейренсе багуудад сонгон шалгаруулалт зохион байгуулаад зогсохгүй Робертог урьсан байна.
Сан Паулу хотод хоёр долоо хоногийн турш байх хугацаанд Фирмино бараг бөмбөг харсангүй, мөн ямар ч санал ирсэнгүй. Тэрээр урам хугарсан ч санаа зовсонгүй, өмнө зүгт Санта Катарина муж руу зүглэжээ. Энэ удаад Фигейренсегийн дасгалжуулагчдын дунд түүний чимээгүй байдлаас болж эргэлзэх байдал үүссэн ч, бөмбөгтэй харьцаад эхлэнгүүт хөл нь энэ эргэлзээг тас цохисон ажээ.
"Роберто 2008 оны дундуур сонгон шалгаруулалтанд ирсэн" гэж Фигейренсегийн 17 хүртэлх насны дасгалжуулагчаар ажиллаж байсан Хэмэрсон Мария дурсав. "Ерөнхийдөө шалгаруулалт дээд тал нь нэг сар үргэлжилдэг боловч тоглогчдоос хамааран хугацаа бага байж болно: хоёр долоо хоног, 10 хоног гэх мэт.
"Робертогийн шалгаруулалт ердөө 30 минут үргэлжилсэн - тэр яриангүй онцгой байсан. Тэр бараг ямар ч буруу зүйл хийгээгүй, техникийн асар их чанарыг харуулж, дээр нь 2 удаа унаж татах цохилтыг гүйцэтгэж гоол оруулсан юмдаг. Дараа нь бүгд түүний тухай ярьцгааж, бид маш онцгой тоглогчтой болж байгааг би тэр үед ухамсарлаж билээ."
Мария тэр даруй Фирминогийн талбай дээрх байрлалыг өөрчилж, довтолгооны байрлалруу ойртуулав. гэр орноо санасан ч өөрт олдсон ховор боломжоо бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзэж буй залуу маань Масейод найзуудтайгаа нийгмийн сүлжээний Orkut вэб сайт болон MSN Messenger-ээр холбогдож, амжилтанд хүрсэн хойноо л буцаж ирэх бодолтой байгаагаа хэлдэг байв. Түүний бүрэгдүү байдал нь санаа зовоосон асуудал хэвээр байж л дээ. Мария түүнийг хоёр долоо хоногийн турш "Альберто" гэж дуудахад түүнийг хэн ч залруулсангүй.
Фирминогийн хуримын шилдэг эрээр хожим тэрхүү гэрлэх ёслолд оролцсон Билу хэлэхдээ: "Би Робертог Фигейренсе рүү аваачиж өгсний дараа удалгүй баазын зохицуулагчаас утасдаж, тэр их дууүгүй байсан тул хэлгүй юмуу гэж асуудаг байгаа. Би түүн рүү залгаад: : 'Роберто, чи ярих ёстой, бөмбөг асууж, ажилтнуудтай ярилц.' Тэр юу ч хэлсэнгүй, зүгээр л инээж билээ."
Хэдийгээр мань эр нам гүм байхыг илүүд үздэг байсан ч түүнийг тойрсон чимээ шуугиан нэмэгдсээр байлаа. 2009 онд түүнийг Фигейренсегийн үндсэн багт тоглож амжаагүй байхад нь Марсельд болох сонгон шалгаруулалтанд урьсан байдаг. Тэрээр Францын өмнөд зүг рүү аялахдаа Испанид түр саатсан нь бүх зүйлийг маш хурдан бруугаар эргүүлж орхижээ. Фирмино зөвхөн нислэгээ сольж байсан ч Мадрид-Баражас нисэх онгоцны буудлын цагаачдын албаныхан түүнийг ямар ч бичиг баримтгүйгээр тус улсад нэвтрэхийг оролдсон гэж буруутгаж түүнийг албадан гаргаахад мань эр нулимас дуслуулан эх орноо зорьсон байна.
Бразилд буцаж ирэхэд Фирминог Мария угтан авч, 17 настай залуугийн сэтгэлийг сэргээн, алдарт Кафуд Бразилын шигшээ багийн ахлагчаар ДАШТ-д оролцон Алтан бөмбөг хүртэхээс өмнө карьерынхаа эхэн үед ийм урам хугаралттай тулгарч байсныг сануулжээ. Сарын дараа тэрээр Марсель руу дахин аяллаа - энэ удаад шууд нислэгээр - Францын клуб түүний 1 сая евро буюу 860,000 фунт стерлингийн төлбөрийг төлөхөөс татгалзав. Марселийн боловсон хүчний дарга асан Жан-Филипп Дюранд 2018 онд "Түүний олсон амжилтыг харгалзан үзвэл энэ нь бидний гаргасан маш том алдаа байсныг хэлэх хэрэгтэй" гэж хүлээн зөвшөөрсөн юм.
Санта Катаринагийн нарлаг орчиныг Германы баруун өмнөд нутгийн цасаар солино гэдэг бэрх байсан ч дасгалжуулагчид нь үргэлж хэлдэг шиг Фирминогийн тууштай зан чанар түүнийг бусдаас ялгаруулдаг. 2 жилийг өнгөрөөн дасан зохицсоны дараа тэрээр Бундеслигийн улирлын шилдэг тоглогчоор шалгарчээ. 2015 оны 7-р сард Ливэрпүүл Манчестер Юнайтед болон Манчестер Ситигийн өрсөлдөөнд ялж түүнийг 29 сая фунтээр авах үед тэрээр Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дөнгөж л дуудагдаж эхэлсэн байлаа. Хоффенхаймын хөлбөмбөгийн захирал Александр Розен 2018 онд World Soccer сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Түүний явахад нь бид нэг нүдээрээ инээлдэж, нөгөө нүдээрээ нулимс дуслуулж байсан." хэмээн дурссан байдаг билээ...
1 дүгээр хэсэг төгсөв.
Бамбууш бантаганав..
Үргэлжлэл бий....Статистик: Бичсэн Бичсэн Бамбууш — Лх 11-р сарын 01, 2023 8:14 pm
]]>