Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Клоппын Ливэрпүүл Премьер лигийн сүүлийн 26 тоглолтоос 25 хожиж, 1 тэнцсэн нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тохиолдол болжээ

Анфилддаа 49 тоглолт ялагдаагүй цуврал хэвээрээ, сүүлийн хэдэд нь ч дараалаад хожчихов. Хамгийн сүүлд өнгөрсөн 1 сард Ман ситид хожигдсноор 34 тоглолт ялагдаагүй үзүүлэлттэй урагшилсаар явна. Энэ нь лигийн түүхэнд 3 дахь урт цуврал бөгөөд тэргүүнд нь өнөө Арсэналын 49 тоглолтын амжилт бичигддэг.

Тоглолтын хувьд үнэхээр амаргүй тоглолт боллоо. Ватфорд 20-д яваа, энэ улиралд тун тааруу байгаа учраас уламжлал ёсоор 4,5-аар нь хийчих байх гэж бараг бүгд бодсон ч нөхцөл байдал өөр байлаа. Зөгийнүүд тоглолт эхлээд л бөмбөг бариад эхэлсэн, үүнд нь Копууд бухимдаж эхлээд, зөрөөд тоглогч нар шатах байх гэж тооцоолсон байх. Бас маш зохион байгуулалттай хамгаалж чадаж байлаа. Гэхдээ тэр нэг булангийн цохилт хийх хүртэл энэ төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж байсан юм.

Ливэрпүүлийн хамгийн сайн хийж чаддаг зүйлсийн нэг болох сөрөг довтолгоогоор Салах гоолдож тэргүүлээд эхэлсэн. Эхний гоолоо хийцэн юм чинь одоо уншчих байх гэтэл нэг л болж өгсөнгүй. Уг нь Манэ гоолдсон ч ВАРдуулцан. Гоолдох багагүй боломжоо үүсгэсэн ч ашиглаж чадаагүй гээд л хүндхэн тоглолт боллоо.

Энэ улиралд нэг их ашиглаагүй 4-2-3-1 ээр тоглож, Салах төвийн довтлогчоор гарав. Өчигдөр эхнэрийнхээ төрсөн өдрийг хэтрүүлж тэмдэглээ юу гэлтэй, Бобби маань яасан тааруу байв аа? Фирминогийн эхний хүрэлт Премьер лигт байтугай дэлхийд гайхагдана. Гэтэл өнөөдөр эхний хүрэлтээс эхлээд бүх зүйл нь тааруу болов. Гэхдээ эхний гоолын эхлэл, чухал холболтыг хийснийг нь дурьдах хэрэгтэй.

Жини маань бэртээд суудаг тоогүй хэрэг боллоо. Нарийн мэдээлэл удахгүй гарах байх.

Жо Гомэз өнөөдөр ямар ганган тоглов оо. Сүүлд нэг буруу шийдвэр гаргаж, бөмбөгөө алдах шахсныг эс тооцвол өнөөдөр ёстой супер тоглолоо. Түрүү улирлын эхний бараг 10 тоглолтод тасралтгүй гараанд тоглохдоо тун гайхалтай байж, Ловрэн Матип хоёрыг сэлгээнд суулгачихаж билээ. Нэг боломжоо атгаад авбал, тавих дургүй л залуу даа, манай бор Гомэз.

Долоо хоног бүр хамгийн супер тоглолтоо гаргах ямар ч боломжгүй. Хөлбөмбөг ийм л байдаг. Сайн тоглож чадаагүй ч тоглолтыг хянаад, хожил авч чадна гэдэг л том багийн зангараг шүү дээ. Дээр нь энэ улиралд Анфилддаа нэг ч удаа хаалгаа хуурай манаж чадаагүй байсан таагүй амжилтаа зогсоосон нь хожлыг амттай болгов.

Ливэрпүүлийн лиг дэх дараагийн учраа Лэстэр сити байх болно. Уг тоглолт Боксин дэй-н өдөр буюу хайрцаг задлах өдрөөр тохионо. Баг маань ирэх долоо хоногт халуун дулаан уур амьсгалтай Катарыг зорьж, Клубын ДАШТ гэх нэр хүндтэй тэмцээнд Европ тивээ төлөөлөн оролцох гэж байгаа билээ. Үүний өмнө Лхагва гарагийн шөнө Лигийн цомын шөвгийн 8-д тоглох хуваарьтай хэдий ч бацаанууд арыг нь дааж үлдэхээр болсон.

Энэ улирлын лигийн 16 дахь хожлоо байгуулж, боломжит 51 онооноос 49-ийг нь цуглуулсан амжилттай урагшилсаар явна!

Чүүүүүү!!!

Нийтэлсэн: Бадруул

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх