Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

/Клоппыг Ливэрпүүлд ирсний 4 жилийн ойд зориулав!/

4 жилийн өмнөх энэ өдөр Клопп маань Ливэрпүүлд ирж байлаа. ФБ ч сануулах юм, энэ өдрийг ёстой л өчигдөрхөн мэт санаж байна даа.

Клопп Ливэрпүүлийг богсох ажилдаа зугуухан орсон. Рожэрсийн үлдээсэн тэр бүрэлдэхүүнээр Лигийн цомын финал болон Европа лигийн финалд хүрсэн шүү дээ. Клопп бол бэлтгэл сургуулилтыг эрхэмлэдэг дасгалжуулагч. Сайн бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд амжилт ирдэг гэдэгт тэр итгэдэг. Тэр Ливэрпүүлийн бүх тоглогчдод боломжийг олгосон. Түүнээс ямар ч шалтгаангүйгээр бөгс рүү нь өшиглөөд хөөж явуулсангүй. Клоппын дор Ливэрпүүлийн хуучин тоглогчид дор бүрнээ өсөн дэвжиж, багадаа л дахин нэг түвшин ахьсан. Ингээд 2016 оны зунаас манай хүн жинхэнэ ажилдаа ханцуй шамлан орж, гүн балчиг намагт шигдчихсэн Ливэрпүүлийг босгох их үйлсээ эхлүүлсэн юм.

Одоо ингээд харах нь ээ, хөлбөмбөгийн багийг босгоход хоёр л арга зам байх шиг. Челси болон Ман сити шиг их хэмжээний хөрөнгө оруулалтыг шууд хийж, өндөр үнэтэй тоглогчдыг цуглуулаад богино хугацаанд амжилтад хүрэх. Англи шиг хөлбөмбөгийн менежментээ сайн хийгээд сурчихсан улсад их мөнгө зарсны дараа зөв менежмент хийх нь боломжгүй зүйл биш аж. Ман сити, Челсигийн нөхцөл байдал нь одоо маш сайн, академи болон техник хэлтэстээ ялгаагүй их мөнгө зарцуулсан учраас хэсэгтээ л амжилттай ажиллах нь гарцаагүй.

Клопп нөгөө замаар нь явдаг. Шаргуу бэлтгэл сургуулилтаар амжилтад хүрч болно гэдгийг Клопп мэддэг учраас энэ зарчимдаа үнэнч, харин мөнгө бол хоёрдугаарт. Мэдээж орчин цагийн хөлбөмбөгт мөнгө зарлагадахгүйгээр амжилтад хүрэх боломжгүй. Хэрхэн зарцуулах вэ гэдэгт л учир бий. Хар л даа, өнгөрсөн хугацаанд Ман ютд наймаанд Ливэрпүүлээс хамаагүй их мөнгө зарцуулсан. Лукакуд тэд 75 сая паундыг төлсөн. Гэтэл Клопп ийм хэмжээний мөнгөөр Садио Манэ, Мо Салах нарыг аваад хариултанд нь Халл ситигээс Энди Робертсоныг авч байлаа. Ухаалаг зарцуулалт, зөв хөрөнгө оруулалт гэж үүнийг л хэлэх байх.

Өнөөгийн нөхцөл байдалд том баг том худалдан авалт хийхээс зайлах аргагүй болжээ. Виржил ван Дайк, Алиссон Бекэр нарт рекорд үнэ төлөхөөс аргагүй байсан. Гэтэл Харри Магуэр, Кепа Аризабалага харахаар харин ч хямдхан авчихсан юмуу гэлтэй.

Ливэрпүүл хэзээнээс л сэтгэл зүйгээрээ алдартай баг байсан. Үүнийг баталсан олон жишээ, одоо ч дуурсан яригддаг сайхан тоглолтуудыг бид мэднэ. Харин Клоппыг ирэхэд тэр бүгд үгүй болчихсон байсан юм. Клопп энэ чадварыг багтаа суулгачихсан. Ливэрпүүлийг өнөөдөр Mentality Monsters гэж зүгээр ч нэг нэрлээгүй байх. 2016 оны хавар Клопп хуучин гэртээ 1:1-ээр эвлэгхэн тэнцчихээд, Анфилдад болох хариу тоглолтод үнэхээр супер бэлдсэн гэдэг. Гэвч төлөвлөсөн бүх зүйл нь эхний 15 минутад нуран уначихаж билээ. Түүний өсгөн бойжуулж, хүмүүжүүлсэн гурван хүүхэд болох Ройс, Обу, Мхитарьян нар Анфилдын эзэд шиг аашилж байлаа. Клопп хувцас солих өрөөнд оронгуутаа, хэрхэн тоглохоор төлөвлөж бичсэн цаасаа шуудхан л урж хогийн сав руу чулуудаад “Хүүхдүүд минь гараад зүгээр л хөлбөмбөг тогло. Хөгжилдөх гэж оролд. Тоглолтын өмнө ярилцсан хувилбар планаа бодлоосоо авч хая” гэж хэлсэн юм билээ. Буланд шахагдчихсан үедээ улангассан араатан шиг дайрдаг хуучны Ливэрпүүлийг удалгүй бид харсан. 3 жилийн дараа Барсагийн эсрэг...

Клоппо хэзээ ч сэтгэл хөдлөлөө нуудаггүй нэгэн. Талбай руу гүйж гараад хаалгачтайгаа хамт гоолын баяр тэмдэглээд зогсох дасгалжуулагчийг бид тийм ч олон харахгүй. Шилээ хугартлаа хамт сэлэбрэйшндэж л явсан.

Клоппо бол сэтгэл татам нэгэн. Бүх багийн дэмжигчид түүнийг багтаа харахыг хүсдэг гэдэгтэй байгаа бүхнээрээ ч мөрийцөхөд бэлэн байна. Хөлбөмбөг түүнийг аз жаргалтай болгодог учраас инээмсэглэх дуртай гэж өөрөө хэлж билээ. Зальцбургийн залуучууд 3:0-ээр хожигдож яваад тэнцүүлэхэд хүртэл инээмсэглэн зогсож байсан.

Клоппо бол гайхалтай хүчирхэг сэтгэл зүйтэй эрхэм. Аваргуудын лигийн финалд нухуулсан орой үүр цайтал шоудаж байхдаа тэр ертөнцийн төгсгөл биш гэдгийг мэдэж байсан. Дараа дахин энэ шатанд яасан ч хожигдохгүй гэдгээ тэр мэдэж байсан. Хойтон жил нь илүү хүчирхэг Ливэрпүүлтэй эргэн ирж аваргалсныг бид мэднэ. Олныг алмайруулам гайхалтай тоглосны эцэст ялагдал хүлээх амаргүй. Шарх нь хүнд, шаналал нь их учраас магадгүй олон багууд задарч, таран бутардаг байх.

Клоппо өөрийн өвөрмөц характераа багтаа шингээчихсэн. Клоппын араншинг Ливэрпүүлээс харж болно. Зарим үед аядуу зөөлөн, заримдаа юу болов гэмээр гэнэтхэн heavy metal араншин нь илэрч зогсоо зайгүй балбаж гардаг. Клоппын баг өнөөдөр Европт хамгийн гоёмсог хөлбөмбөгийг толилуулж байна. Нөгөө талаар аварга багууд шиг үр дүнгийн тоглолтыг ч хийж чаддаг болсон. Яг л хал үзэж, халуун чулуу долоосон мэт тийм тоглолтыг Клоппын Ливэрпүүл харуулж байна.

Клоппо үргэлж инээмсэглэдэг, сайхан зантай хүн ч гэлээ тэр зарчимдаа үнэнч нэгэн. Ливэрпүүлд ирсэн анхны тоглолтдоо л балмад гоол оруулсан Садио Манэ эхний гоолын баяраа эцгийнхээ нуруун дээр тэмдэглэсэн юм. Дахиж ийм байдлаар гоолын баяр тэмдэглэхийм бол өөрөөр ярина гэж Клопп эвтэйхнээр сануулсан учраас Манэ түүнээс хойш 70 гаруй гоол хийсэн ч ахин ийм үйлдэл гаргаагүй. Мамаду Сакогийн Ливэрпүүл дэх карьер нь Клоппын тусламжтай гялалзаж, Дортмунд Эвэртоны хаалганд гоолдож, агсам тавьж явах үедээ допингийн шинжилгээ өгөлгүй том толгойлж, хэл ам таталж байлаа. Дараа нь багаараа АНУ ниссэн онгоцноос хоцорч, очсон хойноо Клоппыг ТВ-д ярилцлага өгч байхад далжигасны улмаас аялан тоглолтын бүрэлдэхүүнээс хөөгдөж байлаа. Дахиж Сако Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглоогүй юм!

Клоппо бол өөдрөг нэгэн. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, амьдрал болоод ажил мэргэжлээсээ бүрэн таашаал авч чаддаг хүн шиг харагддаг. Тоглолтын турш байраа орхиж, муу дамжуулсан тоглогчоо тоглолт дууссаны дараа халуун дулаанаар тэврэн авдаг. Цомд түрүүлснийхээ дараа хүртэл багийнхаа тоглогчийг чихдэж аваад, тоглолтын турш сугаараа эргэснийг нь тайлбарлан зогсдог Пеп шиг төрлийн хүн тэр биш.

Клоппо бол амлалтаа биелүүлдэг нэгэн. Анфилдад ирсний дараах анхны хурал дээрээ “Эргэлзэгчдийг би итгэгсэд болгон хувиргана” хэмээж билээ. Хэлсэн амандаа хүрсэн. Мөн 3 жилийн дотор Ливэрпүүлийг лигт түрүүлгэнэ гэж хэлсэн. Анхны бүтэн ажиллаж эхэлсэн улирлаас нь тооцвол 2019/20 оны хөлбөмбөгийн улирал нь Клоппын 3 дахь бүтэн улирал болох юм. Өнгөрсөн хавар бүхэл бүтэн 97 оноо авсан ч түрүүлж чадаагүй Улаанууд энэ улиралд шартай хортой дайрсаар явна...

Клоппыг ирэхэд Ливэрпүүл ийм байгаагүй. Амжилт гээч зүйл нь алсраад явчихсан. Санхүүгийн хувьд хүчирхэг бус, дундаж голдуу тоглогчдоор дүүрэн бүрэлдэхүүн, амбицгүй, хуучин цэнгэлдэхтэй, ийм л баг угтаж авсан. Харин энэ 4 жилийн хугацаанд Ливэрпүүл клуб цэнгэлдэхээ өргөтгөн шинэчилж, авьяслаг тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаалж, санхүүгийн хувьд тогтвортой болоод зогсолгүй хүчирхэг болж, дасгалжуулагч болоод арын албаны баг бүрэлдэхүүн хөгжин дэвшиж, Үндсэн баг-академийн залгамж холбоо шинэ түвшинд гарч, олон амжилттай төсөл хөтөлбөрүүд цаашид зогсолтгүй хэрэгжихээр төлөвлөгдөөд байна.

Ганцхан жишээ дурдья. Адидастай хийсэн гэрээний сүүлийн жил нь 2012 он байсан бөгөөд заавал Аваргуудын лигт багтаж байж гэрээ сунгагдах нөхцөлтэй байж л дээ. Харамсалтай нь Ливэрпүүл эхний дөрөвтөө орж чадаагүй учраас Адидас манайхыг орхин явж байлаа. Харин одоо Найки Ливэрпүүлд урьд хожид сонсогдож байгаагүй үнийн дүн бүхий хамтран ажиллах гэрээг санал болгож байна. Ливэрпүүл маань санхүүгийн хувьд хүчирхэг болоод зогсолгүй клубын үнэлгээ 2 тэрбум доллар давж, алдарт Форбэсийн жагсаалтад багтан орлоо.

Үүнд менежмент удирдлагын багийн нөр их хөдөлмөр байгаа нь мэдээж. Гэхдээ том зураглалаар нь харах гэж оролдвол энэ бүхнийг ерөөсөө Клоппо л бүтээжээ. Англичууд багийн дасгалжуулагчаа coach бус менежер гэж дууддаг. Бусад орны багуудыг бодвол Английн дасгалжуулагчдын эрх мэдэл илүү байдаг гэж дуулсан.

Клоппогийн Ливэрпүүлтэй байгуулсан гэрээ 2022 онд дуусна. Би хувьдаа түүнийг сунгахгүй болов уу гэж таамаглаж байна. Төрөлх баг Майнцаа анх удаа Бундеслигт дэвшүүлэн гаргаж, Дортмундын хамтаар өөрийгөө дэлхий дахинд зарлахдаа тус бүр 7 жил ажилласан юм билээ. 2022 он бол Клоппын Ливэрпүүлд өнгөрүүлэх 7 дахь жил нь байх болно. Мэдээж өнө удаан жил энэ гайхамшигтай эрхмийг Ливэрпүүлд хармаар байгаа ч гэлээ аливаа зүйл гэдэг цаг хугацаатай л байдаг.

Үндсэндээ 21 жил дасгалжуулагчаар ажиллана гэдэг урт хугацаа. Бид дэмжигчид учраас зөвхөн өнгөн талаас л асуудлыг хардаг. Хөлбөмбөг хамгийн гайхамшигтай спорт ч гэлээ үүний цаана маш том золиос, шаналал, хагацал, бүтэлгүйтэл байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Дасгалжуулагчийн ажил бол маш хүнд. Стресс ихтэй. Зүрхний шигдээст өртөх хамгийн өндөр магадлалтай мэргэжлийн нэгд тооцогддог юм билээ. Клоппын хувьд гайхалтай гурван клубт 21 жилийн турш ажилласныхаа дараа Германы шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад бүрмөсөн тэтгэвэртээ суух төлөвлөгөөтэй гэж уншсан. Энэ бараг үнэн байх.

Заа болоогүй зүйлийн талаар бодож шаналаад ч яахав. Гэхдээ л цаг хугацаа гэдэг хурдан, Клоппо маань ирээд нэг л мэдэхэд 4 жил болчихож, дахиад нэг тонгойход л бараг түүний явах цаг болсон байх биз. Ямартай ч энэ дэлхийн хамгийн гайхалтай, сэтгэл татам дасгалжуулагчтай үлдсэн бүх цаг хугацаанаасаа таашаал амсан амьдрахыг хичээх болно.

Дэлхийн бүх хөгжөөн дэмжигчид багтаа харахыг хүсдэг дасгалжуулагчтай байх шиг сайхан зүйл үгүй юм даа...

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх