Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливерпуул удаан хөөцөлдсөний эцэст Виржил Ван Дэйкийг £75 саяар Соутхэмптоноос авахаар болсоноо зарласанаар дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч Энфилдийн багтай 1 сарын 1-д нэгдэхээр боллоо.

Соутхэмптоны сүүлийн 3 тоглолтонд багаасаа хасагдсан Ван Дэйкийг менежер Пеллегрино өмнө нь ирэх өвлийн цонхоор зарна гэдгийг огт үгүйсгээгүй бөгөөд тэд ийнхүү Голланд хамгаалагчийн хүсэлтийг биелүүлж Мерсисайдын багтай тохиролцоонд хүрлээ.

Өнгөрсөн зун Клопп багийнхаа хамгаалалтын гол цөм болгохоор Ван Дэйкийг урвуулах гэж оролдсон боловч өмнөд эргийн баг хууль бусаар тоглогчийг нь авах гэж байна гэсэн үндэслэлээр ФА-д гомдол гаргасан нь Ливерпуулийг нэн даруй уучлал гуйхад хүргүүлсэн юм. Гэсэн хэдий ч тоглогчийг авах Ливерпуулийн хүсэл түүнээс хойш хэзээ ч унтраагүй гэхэд болно. Ялангуяа Ван Дэйк өөрөө Челси, Ман Сити зэрэг багуудын саналаас татгалзаж зөвхөн Клоппын доор Энфилдэд тоглох хүсэлтэй гэдэг нь тодорхой байсан болохоор Ливерпуул өвлийн цонхоор дахин зүтгэх нь ойлгомжтой байв.

Ван Дэйк өнөөдөр Борнмут хотод эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар он гарсан даруйд шинэ багтайгаа нэгдэх боломжтой болоод байна. Харин тоглогчийг албан ёсоор шилжүүлсэн бүртгэл 1 сарын 2-с нааш хийгдэхгүй тул тэрээр дебут тоглолтоо бага зэрэг хүлээхээр харагдаж байна. Ингэсэн тохиолдолд түүний Улаануудын өмсгөлтэй тоглох анхны тоглолт магадгүй ФА цомын Эвертоны эсрэг хийх Мерсисайдын дерби тохиох боломж өндөр байгаа юм.

Ван Дэйк энэ шилжилт хөдөлгөөнөө өөрийнхөө мөрөөдлийн нэг хэсэгт хүрсэн гэдгээ албан ёсныхоо твиттер хуудсаар дамжуулан гаргасан мэдэгдэлдээ дурдсан юм. Тэрээр хэлэхдээ: "Ливерпуултэй нэгдэхээр зөвшилцөлд хүрсэн нь нэр төрийн хэргээс гадна маш их баяртай байна. Өнөөдөр миний болон манай гэр бүлийн хувьд дэлхийн хамгийн том багуудын нэгтэй нэгдэж байгаа нь бахархалтай өдөр болж байна.

Копуудын өмнө анх удаагаа алдарт улаан өмсгөлийг өмсөхөө тэсэн ядан хүлээж байна. Би олон жил энэ гайхалтай багийг амжилтанд хүргэхийн тулд өөрийнхөө хүчин чадлаар бүхнээ зориулах болно." гэжээ.

Мөн Ван Дэйкийн энэ шилжилт бол Клопп хэрхэн топ менежерүүдийн эгнээнд багтдаг нь харагдаж байгаа бөгөөд түүний авчирж буй тоглогчид санхүүгийн гэхээсээ илүү жинхэнэ потенциалдаа хүрэх гэсэн амбиц юм. Пеп Гвардиола түүнчлэн Ван Дэйкийг авахаар энэ сард эрчимтэй хөөцөлдсөн ч тоглогч 2 дох удаагаа энэ улирал тайтл авах нь тодорхой шахуу байгаа Ситид очихоос татгалзсан буюу Ван Дэйк өөрөө багийн амжилтанд гар бие оролцон сэтгэл зүрхээрээ тэмцэх хүсэлтэй байгаа нь тоглогчийн мэдэгдлээс ойлгож болохоор байгаа юм.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх