Тэмцээн: Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлчийн тоглолт

Хэзээ: 2017.12.07-нд 03:45-аас

Хаана: Анфилд цэнгэлдэх

Гаргах суваг: SPS Хөлбөмбөг

Шүүгч: Шимон Марчиниак (Польш)

Аваргуудын лигийн 2017-18 оны улирлын хэсгийн шатны хамгийн сүүлчийн тоглолт тун удахгүй эхлэх гэж байна. Тэмцээний Е хэсгийг 9 оноотойгоор тэргүүлж байгаа Ливэрпүүл клуб өнөөдөр түүхт Анфилд цэнгэлдэхдээ маш чухал тоглолтыг ОХУ-ын Спартак Москва багийн эсрэг хийх болно. Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн 9 сард Москвад болоход 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулсан билээ. 

Тоглолтын өмнөх мэдээлэл

Өнгөрсөн Бямба гарагт Брайтон & Хоув Албион багийн эсрэг тоглох үед Клоппын мэдэлд төвийн хамгаалагчдаас дан ганц Дэян Ловрэн л үлдээд байсан. Улмаар Эмрэ Жаныг төвийн хамгаалалтанд татаж, тоглолтын явцад өрнөсөн тактикын шилжилтээр зарим үед Жини Вайналдум арагш ухран тоглосон билээ. 

Харин энэ чухал тоглолтын өмнө Ливэрпүүлийн хамгаалагчид болох Рагнар Клаван, Жо Гомэз нар бэлэн болж, бэлтгэлдээ эргэн гарсан таатай мэдээ байна. Мөн удаан хугацааны гэмтлээс эргэн ирж, Чэлсигийн эсрэг тоглолтонд энэ улирлын дэбютээ хийсэн Адам Лаллана бэлтгэлдээ эргэн оржээ. Гэвч өнөөдрийн тоглолтын бүрэлдэхүүнд нэрлэгдэх нь эргэлзээтэй. Жоэл Матипын гэмтлийн хувьд урьдчилсан шинжилгээгээр он дуустал тоглох боломжгүй гэж байсан боловч Юрген Клопп тун удахгүй эргэн ирэх боломжтой хэмээн найдаж буйгаа хэлсэн байна. 

Спартак Москва багийн хувьд Д.Комбаров, Ж.Тигиев, Ж.Ананидзе нар гэмтлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжихөөр болжээ. 

 

Статистик мэдээлэл

- Ливэрпүүл Аваргуудын лигт Спартактай учраа таарахдаа хожигдож үзээгүй. (2 хожил, 1 тэнцээ) Хамгийн сүүлд 2002 оны 10 сард Анфилдад болсон тоглолтонд Улаанууд өрсөлдөгчөө 5:0 харьцаатай буулган авсан. 

- Улаанууд Аваргуудын лигийн сүүлийн 7 тоглолтондоо хожигдоогүй яваа ч үүний хоёрт нь л хожил байгуулсан. 

- Спартакын хувьд Аваргуудын лигт 40 тоглолт хийхдээ ердөө 6-д нь л хожжээ. (8 тэнцэж, 26 хожигдсон) Тэд тус тэмцээний хүрээнд 15 тоглолт дараалан хаалгаа хуурай манаж чадаагүй байна. 

- Аваргуудын лиг хэмээн нэрээ өөрчилснөөс хойшхи Ливэрпүүлийн 10 дахь улирал энэ жил тохиож байна. Сүүлийн жилүүдэд амжилт тааруухан байснаас өнгөрсөн 8 улирлын 2-т нь л Аваргуудын лигт зодоглоод байгаа нь энэ. 

- Ливэрпүүлийн Аваргуудын лигт оруулсан сүүлийн 4 гоолын гурав нь булангийн цохилтоос орсон!

- Ливэрпүүлийн Fantastic Four хэмээн нэрлэгдээд буй Мо Салах 17, Роберто Фирмино 11, Филиппэ Коутиньо 6, Садио Манэ 5 гоол, нийт тэд хамтдаа 39 гоол оруулаад байна. Үүний 15-ыг нь сүүлийн 6 тоглолтонд оруулжээ. 

- Спартакчууд түүхэндээ 1995-96 оны улиралд л ганц удаа хэсгийн шатыг давж байсан түүхтэй. 
- Ливэрпүүлийн довтлогч Роберто Фирмино энэ улирлын Аваргуудын лигт 5 гоол оруулж, 2 ассист өгөөд байна. 
- Ливэрпүүл энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатанд одоогоор 16 гоол оруулаад байна. Рекорд үзүүлэлт 2007-08 оны улиралд тохиосон бөгөөд 18 гоол бүртгүүлж байсан юм. 
- Улаанууд Европын тавцанд талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтондоо хожигдол амсаагүй. 8 хожиж, 4 тэнцсэн
- Жо Гомэз хэрвээ өнөөдөр талбайд гарвал клубын түвшний мэргэжлийн 50 дахь тоглолтоо хийх болно. Үүний 24 нь анхны баг болох Чарлтонд хийсэн тоглолт юм. 

Тоглолтын талаар
Энэ Ням гарагт хэдийгээр Мэрсисайдын дэрби хүлээж байгаа ч Юрген Клопп хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ тулах болно гэдгээ мэдэгдсэн байна. Оросын багийн хувьд хэсгийн 3-р байранд бичигдэж яваа, Анфилдад зөвхөн гурван онооны төлөө бүх хүчээ дайчлан тоглох нь гарцаагүй. Тийм учраас тун амаргүй тоглолт болох нь ойлгомжтой. 
Ливэрпүүл хамгийн сүүлд 2008-09 оны улиралд л Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч байсан. Тэр цагаас хойш бараг 9 жил өнгөрөөд байгаа ч ердөө хоёр удаа Аваргуудын лигт өрсөлдөж, хэсгийн шатыг давж чадаагүй байсан юм. Харин өнөөдөр заавал ялалт байгуулж, хар цувралаа зогсоохын төлөө тоглох нь тодорхой биз ээ. 

Улаануудын жолоог атгаж буй Юрген Клопп менежер өчигдөр болсон тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр "Өнгөрсөн улирлын сүүлийн тоглолтонд Мидлэсборог буулган авч, Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авах үед, мөн 8 сард Хоффэнхаймыг хожиж албан ёсоор Аваргуудын лигийн тэмцээнээ эхлэх үед дэмжиж байсан шигээ багаа дэмжээрэй" хэмээн үнэнч Копайтууддаа хандсан юм. Анфилдад болдог Европын үдэш, шийдвэрлэх тоглолтууд хэзээд гайхамшигтай уур амьсгал дунд өрнөдөг. Хожлын төлөө урагшаа #YNWA 

Таамагласан гараа: 

 

Оруулсан: Рэдмэн

 

Багийн бүрэлдэхүүнээс

4. ВИРЖИЛ ВАН ДИК
11. МОХАМЕД САЛАХ
9. РОБЕРТО ФИРМИНО
19. САДИО МАНЭ
5. ЖОРЖИНЬО ВИНАЛДУМ
12. ЖО ГОМЭЗ
7. ЖЭЙМС МИЛНЭР
14. ЖОРДАН ХЭНДЭРСОН
20. АДАМ ЛАЛЛАНА
23. ЭМРЭ ЖАН
21. АЛЕКС О.ЧЕМБЕРЛЭН
18. АЛБЭРТО МОРЭНО
6. ДЭЯН ЛОВРЭН
32. ЖОЭЛ МАТИП
2. НАТАНЬЭЛ КЛАЙН
15. ДАНИЭЛ СТАРРИЖ

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх